Ухаалаг сэлгээний ажлын системийн судалгааны хураангуй

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд 2030 онд төмөр замын нийт урт 2.96 дахин буюу 5683.5 км болж нэмэгдэх төлөвтэй байна. Бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж, хүний нөөцийн зөв зохион байгуулалт, нэгдсэн систем бий болгох, хөгжүүлэх шаардлага тулгарна. Төмөр замын тээврийн салбарт жил бүр бүртгэгдэх осол, гологдлын 25-32% буюу 22-28 тохиолдол сэлгээний ажил гүйцэтгэх үед бүртгэгджээ. Үүнээс хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан 38.4%, сум зүссэн 30.7%, тээврийн хэрэгсэл дайрсан 19.2%, хос дугуй гацсан 7.69%, хориглосон дохио өнгөрсөн 3.85% тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Салбарын хэмжээнд бүртгэгдээд байгаа осол, гологдлын тоон утгыг ашиглаж 2010-2030 онуудад шинжилгээ хийж магадлалын аргаар ирээдүйд бүртгэгдэх осол, гологдлын тоог урьдчилан тооцоолж үзсэн. Бүтээн байгуулалт өрнөж буй энэ цаг үед төмөр замын тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэж 2025 онд 32-39 тохиолдол, 2030 онд 36-45 тохиолдол бүртгэгдэж замын хэмжээнд жилд бүртгэгдэх осол, гологдлын 31-38% нь сэлгээний ажлын үед тохиолдох магадлалтай байна. Олон улсын төмөр замын салбарт ашиглагдаж байгаа сэлгээний систем нь хөдөлмөр хамгааллын аюулгүй орчин бүрдүүлсэнээс гадна хүний нөөцийн зөв зохион байгуулалттай, илүү боловсронгуй систем хөгжүүлж чадсаныг судалгааны явцад тогтоосон. Монгол Улсын төмөр замын салбарт сэлгээний бригад (4 хүн)-ын өдрийн ажлын бүтээмжээс 1.5-2 дахин их ажлыг Израиль, Швейцар, Их Британи улсад машинч-оператор (1 хүн) УСАС-ийн тусламжтайгаар гүйцэтгэж байна. ОХУ-ын томоохон өртөөд нь “Сэлгээний зүтгүүрийн автомат дохиолол”-ын системээр бүрэн тоноглогдож 2 дахь жилдээ туршиж байна. Хойд хөршийн эрдэмтэн, судлаачид ирээдүйд сэлгээний 3 зүтгүүрийг нэг оператор удирдан зохион байгуулах боломжийг судалж байна. Тус технологийг нэвтрүүлснээр 7.8 сая рублийн эдийн засгийн үр өгөөж, өртөө бүрээс 8 хүний орон тоог хэмнэж , жилд сэлгээний зүтгүүрийн гүйлтийг 8%-иар багасгаж, 4.5 сая рублээр нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ. БНХАУ-ын Харбины төмөр замын товчоон дахь сэлгээний ажлын цахим систем нь хүний оролцоог багасгаж, цахим тайлан боловсруулан зүтгүүрийн үндсэн параметрүүдийг тогтмол тооцох замаар сэлгээний бүтээмжийг өдөр ирэх тусам нэмэгдүүлсээр байна. Иймд сэлгээний ажлыг мэдээллийн технологид суурилан төлөвлөх, үр ашигтай зохион байгуулж хэрэгжүүлэх, УСАС-ийг үе шаттай хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-11-03 өдөр 11:30:2 цаг