А.Буяннэмэх: Суралцана гэдэг насан турш тасралтгүй үргэлжилж байх ёстой
ГТХЗНТ-ийн дарга А.Буяннэмэхтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт эрчимжснээр төмөр замын мэргэжилтэй боловсон хүчний эрэлт хэрэгцээ өсөх боллоо. Тэр дундаа техник, технологийн хөгжлийг дагаад нарийн мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудын шаардлага бүр их байна. ГТХЗНТ-ийн хувьд “Инженер-Ирээдүй” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж, энэ төрлийн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай байгаа боловсон хүчнүүдийг бэлтгэн нийлүүлж эхэлсэн. Энэ ажил өнөөдөр ямар явцтай байна вэ?
-Юуны өмнө “Ган зам” сониноороо дамжуулаад Монголын түмний уламжлалт баяр “Цагаан сар”-ын өмнөхөн нийт төмөр замчидтайгаа учран золгож байгаад туйлын их баяртай байна. Ирж буй “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилдээ төмөр замчид минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Манай төв байгуулагдаад арав дахь жилтэйгээ золголоо. Анхлан байгуулсан хүмүүсийн маань тавьсан зорилт гадаад харилцаагаа сайжруулахад чиглэж байсан. Түүн дотроо инженерүүдээ нарийн мэргэшүүлж сургахад илүүтэй анхаарч байсан юм билээ. Өнгөрсөн хугацаанд гадны олон улс, орнуудтай харилцаа тогтоож, хамтран ажиллах зорилт тавьж ирсэн уламжлалтай. Миний бие ч 2019 онд томилогдоод энэхүү уламжлалыг дагаж, “Инженер-Ирээдүй” хөтөлбөрийг боловсруулсан юм. Энэ хөтөлбөр маань ямар зорилготойг та ч асуултадаа цухас дурдаад өнгөрлөө. Техник, технологийн хөгжил төмөр замын салбарт нэвтрэхийн хэрээр түүнд мэргэшсэн нарийн мэргэжлийн инженерүүдийг шаардах нь мэдээжийн хэрэг. Тиймээс үүнд тодорхой үүрэг, рольтой оролцох нь төвийн маань анхны зорилго, зорилттой ч нийцэж байгаа юм. Та бүхэн мэдэх байх. Хөтөлбөрийнхөө хүрээнд бид ОХУ, БНСУ-ын төмөр замын сургуулиудтай хамтран ажилладаг. Тэр дундаа ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуультай тун ойр дотно харилцаатай. 2016 онд манай төвийн захирлаар ажиллаж байсан Т.Ариунбаатар Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуультай байгуулсан санамж бичиг бий. Үүний хүрээнд харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагаагаа тав, таван жилээр дүгнэх, шинжлэх ухааны судалгаа хийж, инженерүүдийг илүү их чадавхжуулахад хамтарч ажиллая гэсэн утга байдаг.
-Миний санаж байгаагаар 2020 онд байх аа, анхны магистрын оюутнуудаа тус сургуульд сургахаар болсон. Харамсалтай нь, яг цар тахлын үетэй давхцаад танхимаар сургалтад сууж чадаагүй. Энд сургуулийн зүгээс сургалтын хөтөлбөртөө өөрчлөлт оруулж, зайнаас суралцаж төгссөн гэж дуулсан юм байна. Чанарын хувьд танхимаар хичээллэх, зайнаас хичээллэхийн хооронд зөрүү гарсан болов уу. Та юу гэж бодож байна?
-Зарим талаар алсын зайн сургалтыг хүмүүс дутуу үнэлдэг л дээ. Чанарын хувьд танхимаар хичээллэсэнтэй дүйхгүй гэж. Энийг би, хүмүүс уламжлалт сэтгэлгээнээс салж чадахгүй байгаатай холбон тайлбарламаар байна. Юмыг барьж үзэж байж худалдаж авдагтай адил танхимаар хичээллэвэл сайн гэсэн хандлагатай хүмүүс бий. Үүнийг би үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор алсын зайн сургалтууд маш ихээр дэлгэрсэн. Америкт л гэхэд гэрийн сургалттай болчихлоо. Жишээ нь, таны хүүхэд гэрээр хичээллээд сургууль дээрээ шалтгалтаа л өгөхөд хангалттай. Тэнцвэл ерөнхий боловсролынхоо гэрчилгээг авчих жишээний. Ийм өөрчлөлт хүн төрөлхтөний боловсролын салбарт аль хэдийнэ бий болоод эхэлчихлээ. Ялангуяа, байнга томилолтоор явдаг, төв суурин газраас зайтай, хөдөө орон нутагт цаг наргүй, ажиллаж амьдарч байгаа төмөр замчдын хувьд сурч, хөгжих ганц боломж нь энэ. Ийм ч учраас Эрхүүгийн зам харилцааны улсын их сугуулийнхандаа санал тавьсан юм. Сургуулийн захиргаа ч бидний саналыг дэмжиж, сургалтынхаа хөтөлбөрт зарим нэг өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөн. Сургалтын зардалд ч мөн ялгаагүй хөнгөлөлт үзүүлсэн шүү. Эхний есөн оюутан маань өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд магистрынхаа дипломыг гардаж авлаа. Одоогоор тус сургуульд 2021, 2022 оны элсэлтийн нийт 38 оюутан магистрийн түвшний сургалтад хамрагдаад суралцаж байна.
-Энэ жил бас талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр уулзалтууд зохион байгуулсан юм билээ. Таны түрүүнд хэлсэнчлэн төмөр замын салбарт шинэ, техник, технологиуд нэвтрэхийн хэрээр төмөр замын инженерүүдийг илүү олон салбарт мэргэшүүлж сургах шаардлага бий. Тэгэхээр мэргэшүүлж байгаа сургалтуудыг нэр төрлийн хувьд илүү олон болгох шаардлага үүснэ. Энэ талаар чухам юу хийж байна?
-Энэ жилээс эхлээд гурван чиглэл нэмж байгаа. Өмнө нь, бид ганцхан мэдээллийн технологиор магистрын сургалт авч инженерүүдээ мэргэшүүлж байсан бол энэ жилээс тээврийн логистик, тээврийн үйл ажиллагааны удирдлага, програмын инженер, техник ашиглалт болон тээвэр, технологийн системийн үйлчилгээ гэсэн чиглэлүүдийг нэмсэн. Эдгээр мэргэжлүүд нь ямар ач холбогдолтой, бид яагаад нэмэх болсон бэ гэхээр, Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” хөтөлбөрийг зарласантай холбогдуулан боомтуудын хөгжил нэлээд өндөр түвшинд хүрэх ёстой болчихлоо. Боомтын хөгжил юунд тулгуурладаг юм гэхээр логистикийн томоохон байгууламжуудаас бүрдэнэ. Мөн 1100 км төмөр зам маань 5000 км хүрээд ирвэл төмөр замууд хоорондох тээврийн процессийг удирдан зохион байгуулахад нарийн мэргэжлийн магиструуд шаардлагатай. Мэдээллийн технологийн хувьд бол ойлгомжтой. Хүний хүчээр цаашдаа ажиллаад байх боломжгүй цаг үе ирнэ. Боловсон хүчний дутагдалд ч орно шүү дээ. Энэ үед мэдээллийн технологийн хөгжлийг ашиглаж байж хөдөлмөр хөнгөвчлөхөөс гадна хүний хүчин зүйлийг багасгах, бага зардлаар ажиллах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангах нөхцөл бүрдэх юм. Энэ жилийн санамж бичгийн хүрээнд ярьж, төлөвлөсөн байгаа бас нэг чухал зүйл бол магистрын хөтөлбөрт хамрагдсан инженерүүдээ давтан сургалтад хамруулах боломж байна уу гэсэн саналыг тавьсан. ОХУ-ын талаас бидэнд зүтгүүрийг үр дүнтэй ашиглах чиглэлээр хоёр семестр, галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалт, уулзваргүй зам барих, орчин үеийн технологи нэвтрүүлж замын ажлын чанарыг сайжруулах, гүүр хоолой, туннель барих гэх мэт чиглэлүүдээр нэмэлт хөтөлбөрүүдэд хамруулж болно гэдгээ хэлсэн. Эдгээр нь гэхдээ богино хугацаатай. Өөрөөр хэлбэл, орос хэлтэй инженерүүдээ түлхүү хамруулъя гэдэгт талууд санал нэгдээд байгаа. Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийнхан маань ч бидэнд боломж олгоод эхний ээлжийн инженерүүдийг үнэ төлбөргүй хамруулахаа илэрхийлсэн. Гэхдээ тодорхой квоттой. Квотын дагуу төмөр замууддаа албан бичгээ хүргүүлчихсэн. Инженерүүд маань идэвхтэй хамрагдана гэдэгт итгэлтэй байна. Суралцана гэдэг насан турш тасралтгүй үргэлжилж байх ёстой эд. Түүнээс дээхнэ үеийнх шиг таван жил сураад төгссөн бол насан туршийн боловсролоо авчихлаа гэсэн ойлголтоор хандаж болохгүй.
-Цаашид ер нь сургалтын үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ. Танай төв ОХУ-аас дутахгүй БНСУ-ын талтай ч нягт хамтран ажилладаг шүү дээ. БНСУ-ын талтай хэрхэн хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Тийм ээ. Цаашид сургалтынхаа үйл ажиллагааг улам өргөжүүлэх нь ойлгомжтой. Энэ жилдээ БНСУ-ын талтай 15-20 оюутныг тус улсын шинэ технологиудад суралцуулах квот авчихсан. Сургалтыг БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Үүндээ мэдээж, төмөр замынхаа салбарын шилдэг инженерүүдийг оролцуулахаар төлөвлөсөн байгаа. Ер нь, “Инженер-Ирээдүй” хөтөлбөрийн давхар зорилгын нэг юу юм бэ гэхээр, жил болгон таван шилдэг инженерийг шалгаруулж байх явдал. Мэдээж, эдгээр инженерүүд маань шинэ санаа, оновчтой бүтээл гаргасан хүмүүс байх ёстой нь ойлгомжтой. Нэг ийм үг байдаг шүү дээ. “Бурхан хүнийг бүтээж, бусдыг нь барилгачид бий болгосон” гэдэг шиг инженерүүдийн нэр хүнд ялангуяа, системийн инженерүүдийн нэр хүнд асар хурдтай өсөж байна. Инженерүүд дотроо системийн инженерүүд илүү их амжилт гаргах болж. Үүнтэй адил төмөр замын салбар ч шинийг бүтээдэг, санаачилдаг инженерүүдгүйгээр салбар хөгжиж дэвшинэ гэдэг маш хүнд. Энэ бол миний хувийн бодол шүү.
-Түрүүнд таны ярианд квотынхоо дагуу төмөр замууд руугаа албан бичгээ хүргүүлчихсэн гэж гарлаа. Магадгүй энэ ярилцлагыг уншаад мэргэжлээ дээшлүүлье, суръя, өөрийгөө хөгжүүлье, сургалтад хамрагдъя гэсэн хүсэлтэй жирийн нэгэн инженер залуучууд ямар шаардлага шалгуурыг хангасан байх ёстой вэ?
-Бидний хувьд өөрсдийн цахим хуудсуудаар дамжуулан тогтмол мэдээлэл хүргэхийг хичээдэг. Хүссэн хүн бүхэнд нээлттэй. Сургалтад хамрагдъя гээд биднийг зориод ирвэл аль болох дэмжихийг хичээнэ. Би дээр ч хэлсэн. Суралцах чин хүсэлтэй хүн л юм сурдаг, хийдэг, бүтээдэг. Яах вэ, төмөр замууд руугаа албан бичиг хүргүүлсэн гээд байгаа боловч тэд маань жаахан хайнга хандчих гээд байдаг талтай. Юуг нь нуух вэ. Залууст маань суралцах хүсэл тун бага болчихож. Гэтэл гадны улсад эсрэгээрээ. БНСУ, Индонезийн оюутнууд суралцахын тулд хэрхэн тэмцэж байна вэ. Хятад оюутнууд номын санд яаж дугаарлаж байна. Харамсалтай нь, бид гадаа жагсахаас илүүтэй суралцахыг зорилгоо болгох нь чухал байна л даа.
-“Инженер-Ирээдүй” хөтөлбөрийн маань эхний есөн оюутан оны өмнөхөн төгсжээ. Таны хувьд эхний ээлжийн оюутнуудаа хараад хөтөлбөрийн үр дүнг хэрхэн дүгнэж байна. Цаашид юунд анхаарах, юуг нь илүү авч үлдэх шаардлагатай гэж харж байна?
-Эхний ээлжийн оюутнууд дунд сургуулиа төгсөөд ажил дээр амжилттай яваа олон залуус бий. Тухайлбал, УБТЗ-ын Техникийн бодлого, стандартчиллын албаны Хэмжил зүйн төвийн ерөнхий инженер, Залуучуудын төв байгууллагын тэргүүн Ц.Золбаатар, Тээврийн хяналтын албаны зүтгүүрийн ашиглалт хариуцсан хяналтын байцаагч Г.Мөнгөнхуяг, Замын II ангийн орлогч даргаар ажиллаж байсан н.Ууганбаяр, н.Сэргэлэнтуяа гээд залуучуудаас гадна миний бие өөрөө сургалтад хамрагдаж амжилттай төгссөн. Нэгдүгээрт, энэ залуус хос мэргэжилтэй болоод төгсчихөж байгаа юм. Өмнө нь, зүтгүүр, зам, холбоо гээд тус тусын мэргэжлээр ажиллаж байсан бол мэдээллийн технологи гээд давхар мэргэжлээр ажиллах боломж нээгдчихлээ. Энэ бол хөдөлмөрийн зах зээл дээр тэдний давуу тал болно. Хоёр жил суралцаж төгсснөөрөө ямар зүйлийг илүүтэй ойлгож авсан юм бэ гэвэл мэдээллийн технологийг хэрхэн ашиглах вэ, мэдээлэл ямар үнэ цэнэтэй юм бэ, яаж мэдээллийг нэг дор цуглуулах, хэрхэн боловсруулах юм, дэлхийн хөгжлийн түүхэн явцад мэдээлэл ямар үүрэг гүйцэтгэсэн юм бэ гээд олон зүйлийг үнэлж, ойлгож авсан гэж бодож байна. Хоёрдугаарт, бас нэг чухал ойлголт бол системийн инженерчлэлийн талаар маш чухал ойлголттой болж авсан. Системийн инженерчлэл бол ирээдүй. Ер нь, хоёроос гурван салбарт мэргэшиж байж системийн инженерчлэлийг хийх нь ээ. Энэ нь, юу гэсэн үг вэ гэхээр, бид дан дангаараа юу ч хийх боломжгүй. Тэгвэл та системийн инженерчлэлээр мэргэшиж, энэ талын ойлголттой болсноор томоохон төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллах боломжтой.
-Магадгүй сургалтаа улам өргөжүүлнэ гэдэг маань дараагийн шат руу төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллах чадвартай инженерүүдийг бэлтгэхэд чиглэх юм байна гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яах вэ. Төсөл, хөтөлбөр дээр ажиллах чадвартай боловсон хүчин гэдэг бол багийг яаж удирдах зохион байгуулах вэ гэдгээс эхлээд их олон зүйлд суралцах шаардлагатай. Өнөөдөр аливаа байгууллагад нэг нэгээрээ үүрэг даалгавар аваад ажилладаг байдал хоцрогдоод эхэлчихсэн. Одоо бол багаар ажиллах нь илүү үр дүнтэй гэдгийг менежерүүд ойлгочихлоо. Та хар л даа, 150 хүнтэй албан байгууллага хөдөлмөр хамгааллын нэг л инженертэй. Харин эсрэгээрээ тэрийгээ цогцоор нь харж, багаар шийдэж хийх хэрэгтэй юм, уг нь. Үүнийг дагаад ирээдүйн байгууллагын зохион байгуулалт ч шал өөр түвшинд хүрэх нь байна. Төгсөгчид маань ч үүнийг маш сайн ойлгосон.
-Танай “Инженер-Ирээдүй” хөтөлбөрт хамрагдъя, суръя, хөгжье, өөрийгөө хөгжүүлье гэсэн залууст та бүхэн юу амалж чадах вэ?
-Зам, харилцааны бусад их, дээд сургуулиудын хөтөлбөртэй харьцуулах юм бол манай хөтөлбөр богино хугацаанд бага зардлаар зайнаас сурах бүх боломжийг хангасан. Та үнэхээр л цаашдаа хөгжье, дэвшье гэж байгаа бол манай хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр хамгийн сайн нь гэдгийг хэлье. Мөн энэ жил бидэнд докторын сургалтын хоёр квот өгсөн. Зүгээр нэг доктор гэсэн нэрийн хойноос хөөцөлдөөд байгаа юм биш. Судалгааны ажил хамтарч хийнэ. Тэр судалгааны ажлуудаасаа доктор төрүүлэх зорилгоор хийж байгаа юм. Доктор хүн гэдэг судалгаан дээр маш сайн ажиллаж чаддаг хүн байх шаардлагатай шүү дээ.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!