ЗАМ ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН НЭГДСЭН БОДЛОГО 2019 ОНД ГАРНА
ЗТХ-ийн сайдын шуурхай хуралдаанаар зам тээврийн салбар, харьяа газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт болон салбарын хүрээнд тулгамдаж буй гол асуудлуудыг хэлэлцлээ.
 
Агаарын тээврийн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Олон улсын нислэг 14 хувь, орон нутгийн нислэг 23 хувийн өсөлттэй явж байна, цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг ИНЕГ-ын дарга мэдээллийнхээ эхэнд дурдлаа. Орон нутгийн нисэх буудлыг өргөтгөн сайжруулах, статусыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох 10-аад жил зогсонги байсан Завханы Донойн хөндийн нисэхийн ажил эхэлсэн, мөн Хөвсгөл аймгийн нисэх буудлын гэрэлтүүлгийн суултын ажил хийгдэж дуусаад Говь-Алтайн нисэхийн гэрэлтүүлгийн ажил эхэлсэн. Ингэснээр Хөвсгөл, Говь-Алтай аймгууд шөнийн нислэг үйлдэх боломжтой болох юм. Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад өгөх ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Энэ оны 11 сарын 10-д гэхэд онгоц нисч буух болон бусад бэлтгэл ажлыг дуусгахаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон Ерөнхий сайдтай ярьсан ажлууд хугацаандаа дуусна. Гэвч нислэгийн үйл ажиллагаа эхлэх шийдвэрийг Япон талаас ирэх жил гэж төлөвлөж байгаа. Манай талаас Засгийн газрын хурлаар шинэ нисэх буудлын катерингийн барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хүлээгдэж байгаа тухай тэрээр онцоллоо.
 
Төмөр замын салбарт “МТЗ” ТӨХК –ийн хувьд Тяньжин боомтын ажлын хэсэг ирэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, Замын-Үүдийн логистикийн төвийн дутуу санхүүжилтийг шийдэх асуудлуудыг  хөндөж ярилаа.
 
“УБТЗ” ХНН-ийн хувьд замын даргын үзлэг ирэх 7 хоногоос эхлэж байгаа бөгөөд 10 сард дуусна. Ачаа тээвэрлэлт өнгөрсөн оны 9 сартай харьцуулбал 116 хувь болж өссөн, гэвч шатахуун болон валютийн өсөлттэй холбогдуулан тээвэрлэлтийн тарифийг индексжүүлэхгүй бол цаашид их хэмжээний алдагдал хүлээх эрсдлийн тооцоо гараад байгааг мэдээллээ. 
 
Авто тээврийн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.  Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомтоор өдөрт 1300 гаруй нүүрсний тээврийн машинууд нэвтэрч байгаа бөгөөд тээвэрлэлтийн дараалал өнөөдөр өглөөний байдлаар 44 км байна. Энэ чиглэлийн авто замын дагуух жолооч тээвэрчдэд зориулсан үйлчилгээний байгууламж, автомашины зогсоол  барьж байгуулах Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлсэн бөгөөд 10 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа мэдээллийг өглөө.
 
10 сарын 2-оос -5нд “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын хурал Улаанбаатар хотод болохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах ажлууд хийгдэж байна.  Энэ хуралд таваас зургаан орны Тээврийн сайд нар оролцох бөгөөд 250 гаруй зочид төлөөлөгчид ирнэ.  Гашуун сухайтын Ганц модны боомтын нүүрс, бусад тээвэр хэвийн үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг салбарын удирдлагууд өглөө.  
 
Авто замын салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай байна. Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн Ханх Мондын зам, Төв аймаг Дорнод аймгуудын  1-26 км замуудын барилгын ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон.
 
Цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан бүсийн болон хяналтын инженерүүд 6-н чиглэлд үзлэг  хяналтаар явж ажиллаж холбогдох үүрэг чиглэлүүдийг өгч байна.  Орон нутгийн “АЗЗА” нарыг хувьчлах асуудлыг хэрхэн шийдэх асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх, ТӨБЗГ-тай дахин зөвшилцөх, Хөшигийн хөндийн замын ашиглалтын засварын асуудлыг эзэнжүүлэх, Мөн Улаанбаатар Дархан чиглэлийн замын шинэчлэлийн асуудлыг АХБанк болон Сангийн яамтай тохирч, барилгын ажил эхлэхэд газар чөлөөлөлтийн асуудлыг одооноос шийдвэрлэх зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг энэ хурлаар ярилцаж үүрэг чиглэлүүдийг өглөө.
 
ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин хурлаар салбарын бодлогын уялдаа холбоог хангаж ажиллах, ОХУ-ын “Владивосток” болон БНХАУ-д  болсон “Засгийн газар хоорондын комиссын хурал”-аар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудын мөрөөр хэрэгжилт гүйцэтгэлд анхаарч ажиллах, ажил хэрэг болгоход цаг хугацаа болон эдийн засгийн үр өгөөж тооцооллыг сайтар хангаж ажиллах шаардлагатай байгааг энэ үеэр онцоллоо. Мөн УИХ, Засгийн газраар хэлэлцэж шийдвэрлүүлэх асуудлууд дээр анхаарал хандуулж  эцсийн байдлаар, тодорхой хувилбартай оруулж ирэх, 2019 оны төсөвт тавигдсан ажлуудаа эдийн засгийн үр өгөөж талаас нь ахиж хянаж эрэмбэлэх, ажлынхаа эрчийг улам нэмэгдүүлэх үүргийг тус тус өглөө.
 
ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар “Тээврийн салбарын хөгжлийн нэгдсэн бодлого”-ыг 2019 онд гаргахтай холбогдуулан харьяа газруудын дарга нар бодлогын хөтөлбөрөө бусад салбаруудтайгаа  харилцан уялдуулж  гаргах үүргийг өглөө. Дэд сайдын зүгээс нийтэд хандсан 10 үүрэг даалгавар, мөн салбар бүрт анхаарах болон  хэрэгжүүлэх ажлуудын талаар тусбүрчлэн  үүрэг чиглэлийг өгсөн юм.

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-03 өдөр 00:00:0 цаг