Галт тэрэгний хөдөлгөөний хяналтын системийн судалгааны хураангуй

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 129 дүгээр тушаалаар “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөн хянах технологи нэвтрүүлэх судалгаа, төсөл боловсруулах” 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажилласан.Улмаар доорх системийн суурь судалгааг боловсруулан 2020 оны 10 дугаар сард сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Дэлхий даяар эрчимтэй шилжиж буй аж үйлдвэрийн хувьсгалд Монгол Улс хөл нийлүүлэн алхах, тэр дундаа Зам, тээврийн салбарт “IoT” юмсын интернет, Big Data их өгөгдөл, Cloud computing буюу үүлэн тооцоолол зэрэг мэдээлэл технологийн инновацийг ашиглан шинэ техник,технологи нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алсын хараа 2050”, “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “МУ-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” зэрэгт төмөр замын дэд бүтцийг өргөтгөн хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, төмөр замын салбарыг шинэчлэхээр тусгасан байдаг ба үүгээр дамжуулж төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг олон улсын төвшинд хүргэхээр зорьж ажиллаж байна. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнийг бодит цагаар тодорхойлох, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, ашиглалтын ажлын үзүүлэлтүүдийг бодит цагийн мэдээлэлд тулгуурлан тооцоолох, өгөгдлийн менежментийн нэгдсэн системд үндэслэсэн хэрэглэгчийн үйлчилгээг хялбаршуулах, төрийн тогтвортой хяналтыг бий болгоход судалгааны үндсэн зорилго оршино.Олон улсын төмөр замд өргөн ашиглаж байгаа галт тэрэгний бодит цагийн мэдээллийн RFID технологид суурилсан систем болон тэмдэгт таних камерын /OCR/ системүүдийг ашиглан хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнийг бодит цагаар тодорхойлох бөгөөд тус системүүд дээр үндэслэн төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төмөр замын салбарын мэдээллийн нэгдсэн хяналтын төв байгуулах тухай cудалсан болно.

Alternative text - include a link to the PDF!

НИЙТЭЛСЭН: 2022-11-03 өдөр 08:18:1 цаг