БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага нь Монгол Улсын төмөр замын салбарт мэдээлэл технологийн анхны төсөл хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.

 “ГТХЗНТ” УТҮГ нь Койка-тай хамтран төсөл хэрэгжүүлэх талаар урд өмнө бид мэдээлж байсан.

“Зам, тээврийн хөгжлийн яам”, “Сангийн яам”, “КОЙКА”-ийн төлөөллүүд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилга барих болон үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улсын төмөр замын өрсөлдөх чадавхыг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурж төсөл хэрэгжүүлэхээр баталгаажуулаад байсан билээ.

Энэ оны эхээр төсөл хүлээн авагч талтай хамтран ажиллах төслийн менежментийн консорциумыг сонгон шалгаруулсан бөгөөд тус консорциумд KORAIL (Korea Railroad), KOTI (Korea transport institue), KR (Korea National Railway), KRRI (Korea Railroad Research Institute), Yooshin Engineering Corporation зэрэг БНСУ-ын төмөр замын салбарын тэргүүлэх зэргийн компаниуд шалгараад байна. 2022 оны 4 сард  талууд хамтран төсөл эхлүүлэх судалгааг хийж гүйцэтгэхээр урьдчилсан байдлаар төлөвлөн ажиллаж байна.

Төлөвлөгөөнд тусгагдсанаар төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, ЗТХЯ болон төмөр замын байгууллагуудтай уулзаж төслийн технологийн шийдлийг танилцуулах, төслийг цаашид хэрэгжүүлэх хамтарсан хороо болон техникийн ажлын хэсэг байгуулах зэрэг ажлуудыг төлөвлөсөн бөгөөд гол зорилго нь төсөл эхлүүлэх судалгааг хийх юм.

 

НИЙТЭЛСЭН: 2022-03-18 өдөр 00:00:0 цаг