Ө.ЭНХТҮВШИН: ЧУУЛГА УУЛЗАЛТ ДЭЛХИЙН ХОТУУДАД ТУЛГАРЧ БУЙ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГ, БАЙГАЛИЙН СОРИЛТУУДЫГ ДАВАН ТУУЛАХ АРГА ЗАМ, БОДЛОГО, ЗОРИЛТУУДЫГ ОНОВЧТОЙ ТОДОРХОЙЛОХОД ЧИГЛЭГДЭЖ БАЙНА
“Байгаль орчинд ээлтэй, тогтвортой тээвэр” сэдэвт Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын Дээд түвшний 11 дэх удаагийн форумд МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.Энхтүвшиний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Эрхэм хүндэт   зочид төлөөлөгчид өө,
 
Хатагтай, ноёдоо
 
Юуны өмнө   “Байгаль орчинд  ээлтэй, тогтвортой тээвэр” сэдэвт Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын дээд түвшний 11 дэх удаагийн форумд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
 
Энэхүү завшааныг ашиглан өнөөдрийн хурлыг хамтран зохион байгуулж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын бүсийн хөгжлийн төв, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Япон Улсын Байгаль орчны яам, Олон улсын болон төрийн байгууллагуудад Монгол Улсын Засгийн газар болон  Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
 
 
 
2017 онд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьетнам хотноо зохион байгуулагдсан 10 дахь удаагийн форумын үеэр Нэгдсэн үндэсний байгууллагын Бүсийн хөгжлийн төвөөс  11 дэх удаагийн форумыг  2018 онд Монгол Улсад хийхээр албан ёсоор зарласны дагуу ийнхүү энэ удаагийн форумыг Улаанбаатар хотноо “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн гүйцэтгэх үүрэг”сэдвийн дор зохион байгуулж байна.
 
 
Энэхүү чуулга уулзалт нь хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, бүтэц, хязгаарлагдмал нөөц зэрэг дэлхийн хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах арга зам, бодлого, зорилтуудыг оновчтой тодорхойлох болон, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд бүс нутгийн анхаарлыг хандуулахад чиглэж байна.
 
 
Далайд гарцгүй Монгол орны хувьд тээврийн олон талт сүлжээг хөгжүүлэх нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой боловч тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэхдээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахад анхаарч, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах зорилт дэвшүүлсэн. Мөн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлого” зэрэг салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, иргэдэд аюулгүй ая тухтай, чанартай үйлчилгээ үзүүлэх арга замыг тодорхойлсон билээ.
 
 
 
Монгол Улс байгаль орчинд ээлтэй,  тогтвортой тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай бодлого барьж,  энэ хүрээнд төмөр замын болон авто замын сүлжээг өргөжүүлэх, усан замын тээврийг хөгжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, логистикийн төвшинээр барих зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаа ч цаашид хийх, эрчимжүүлэх ажил их байна.
 
 
Хүндэт төлөөлөгчид өө,
 
Эх оронд маань зохион байгуулагдаж буй энэ удаагийн форум өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд хийсэн бүтээснээ дүгнэж цэгнэн,  дараагийн ээлжит зорилтоо тодорхойлох нь дамжиггүй.  Мөн “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисийн хэлэлцээр”,  Хабитат III-аас гаргасан  “Шинэ хотжилтын хөтөлбөр”, “Бангкок Тунхаглал 2020” болон Нэгдсэн Үндэсний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан олон улсын хэлэлцээр,  хөтөлбөр, тунхаглалын зорилтуудад чиглэсэн төслүүдийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар болон эдийн засаг, шинжлэх ухаан,  техник, технологийн  асуудлуудаар баялаг туршлагаа хуваалцах, бие биеэсээ суралцах таатай боломж бидэнд олдоно гэж найдаж байна.
 
 
Хурлын ажилд амжилт хүсэхийн зэрэгцээ буурал түүхтэй Монгол орны уламжлал, өв соёл, хөгжил дэвшилтэй танилцаж, эзэн Чингис хааны өлгий нутаг,  цэнхэр тэнгэрийн оронд тавтай сайхан зочлохыг урьж байна.
 
Анхаарал тавьсанд баярлалаа.
НИЙТЭЛСЭН: 2018-10-04 өдөр 00:00:0 цаг