ЗТХЯ салбарынхаа ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр сайд Я.Содбаатар Тээврийн салбарт хийгдэж буй томоохон ажил, бүтээн байгуулалтын талаар танилцуулж ахмад тээвэрчдийнхээ саналыг сонслоо. Түүнчлэн Авто тээврийн салбарын тухай хууль, иргэний нисэхийн тухай хууль, төмөр замын тухай хууль зэрэг салбарын бүх хуулийг шинэчлэн найруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахаар ажиллаж байгаагаа  мэдээллэсэн юм.

1990-ээд оны сүүлээр салбарын хүрээлэнгүүдийг татан буулгаснаар Зам тээврийн салбарын эрдэм шинжилгээ судалгааны ажлууд ихээр орхигдох болсныг уулзалтын үеэр хөндсөн юм. Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хуралдаанаар зам тээврийн салбарын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэн байгуулах шийдвэр гаргасныг ахмад тээвэрчид сайшааж байлаа. Зам, тээврийн хөгжлийн яам бол  Монголын техник технологийн шийдэл гаргадаг хөгжлийн  яам. Монгол төрийн технологийн шийдэл энэ хүрээлэнгээр дамжуулан гарч байх ёстой гэдгийг сайд Я.Содбаатар онцлоод зам тээврийн салбарыг түүчээлэн манлайлж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа талархал илэрхийлж, сайн сайхныг хүслээ.

Мөн Уулзалтын үеэр зам тээврийн салбарын ахмадын амралт сувилал байгуулах төслийг танилцууллаа. Ахмад тээвэрчдийн нийгмийн асуудалд онцгойлон анхаарч, тэтгэвэрт гарсан ч цаашид үргэлжлүүлээд ажиллах боломжтой ажлын байрыг бий болгох таатай мэдээллийг ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд онцоллоо.  Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Сөгнөрийн голын эрэг дээр байрлахаар газраа сонгож төслийг боловсруулах ажил хийгдэж байна. Ийнхүү сар шинийн босгон дээр ЗТХЯ, АТҮТ хамтран зам тээврийн салбарын ахмадууддаа ажлаа тайлагнаж, хүндэтгэн урамшууллаа.

НИЙТЭЛСЭН: 2019-01-31 өдөр 08:46:0 цаг