ЗТХЯ-ны харьяа Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн захирал Т.Ариунбаатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна. түүнтэй “ГТХЗНТ” УТҮГ-ын тухай болон төмөр замын салбарын хөгжил, хэтийн төлвийн тухай ярилцлаа.
- Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Миний урилгыг хүлээн авсанд баярлалаа.
Баярлалаа. Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе.
- “ГТХЗНТ” УТҮГ нь ямар зорилго, чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг вэ? Танай төвийн талаархи мэдээллийг хүргэвэл...
Дэлхийн төмөр замын сүлжээтэй дэлхийн бүх улс орнуудад Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв бий. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор байгуулагдсан “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй, шуурхай, найдвартай, үр ашигтай удирдлага, зохион байгуулалтын нэгдсэн тогтолцоог хөгжүүлэх зорилготой ажилладаг. Товчхондоо төмөр замын тээвэрлэлт, галт тэрэгний хөдөлгөөнийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хамгийн ашигтай хувилбараар, аюулгүй, шуурхай богино зайд яаж ажиллуулах вэ гэдэг нь бидний хүлээх үүрэг гэж ойлгож болно.
Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг, “Монголын төмөр зам” ТӨХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Гашуунсухайтын төмөр зам” ХХК зэрэг суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч болон төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч 120 гаруй байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс гадна Монгол улсад уул уурхайн, хувь, хувьсгалын төмөр замууд шинээр нэмэгдэж байна. Тэр утгаараа төмөр замын байгууллагуудын галт тэрэгний хөдөлгөөнийг үр ашигтайгаар уялдуулан зохицуулах, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагыг боловсронгуй болгох, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, хангалтыг сайжруулах, салбарын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн хөтлөж ажиллахыг бид чухалчилдаг.
Төмөр замын салбар өргөжин тэлэхийн хэрээр адил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хоорондын үйл ажиллагааг зохицуулах нэгдсэн төвийн үүрэг оролцоо зайлшгүй шаардлагатай болсон. Иймд өнөөгийн хууль, эрх зүйн орчин, төмөр замын салбарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг хуулийн орчинд үйл ажиллагаа явуулах байгууллага нь “ГТХЗНТ” юм.
- “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байхад Хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ямар хэрэгтэй юм бэ гэх зөрчилтэй ярианууд их байдаг. Энэ талаар таниас тодруулмаар байна...
“УБТЗ”, “МТЗ” нь төрийн оролцоотой байгууллага боловч ашгийн төлөөх учраас компаний тухай хуулиар зохицуулагддаг. Гэхдээ манай төв байгуулагдахаас өмнө “Улаанбаатар төмөр зам” гэсэн ганц байгууллага энэ бүгдийг хийж ирсэн. Гэтэл УБТЗ маань 2 орны хувь нийлүүлсэн нийгэмлэг шүү дээ. Тэгэхээр төрөөс төмөр замын бодлого хэрэгжүүлэх ёстой. Тэр ч утгаараа манайд “УБТЗ” “ХНН, “МТЗ”, “ТӨХК” “БТЕГ” ХХК төрийн болон хувийн гурван ч компани төмөр замын тээвэрт оролцож байна. Монгол улсаар өдөрт дамжин өнгөрч байгаа галт тэрэг, транзит, тээвэр, стратегийн болон нүүрсний тээвэр, арилжааны галт тэргүүдийн зохицуулалтыг хийх, төмөр замын байгууллагуудын хоорондын тэгш эрх, тээврийн чиглэлийн үйлчилгээний шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөөх ажиллагааг төрөөс хийх шаардлагатай болсон.
- Энэ оны онд хийхээр төлөвлөсөн төвийн ажлуудаасаа дурдвал…
Төмөр замын салбарын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хөтлөх, боловсруулах, ашиглах, холбогдох байгууллага, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, төмөр замын байгууллагуудын харилцан мэдээлэл солилцох тогтолцоог боловсронгуй болгохоор ажиллаж байна. Мөн Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүнд дугаар олгох, бүртгэх, MNS 6630-3:2016 стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, дугаарлалтыг шинэчлэх,Улсын хэмжээнд ашиглагдаж буй хөдлөх бүрэлдэхүүн, салбар замын нэгдсэн тооллого, бүртгэл хийх ажлыг зохион байгуулна. Түүнээс гадна Хөдлөх бүрэлдэхүүн бүртгэлийн програм хангамжийг боловсронгуй болгох нь маш чухал байна. УБТЗ, МТЗ, БТЕГ ХХК болон суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөний үйл ажиллагаа, ачилт, буулгалт, хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын байдалтай цаг тухай бүрт газар дээр нь танилцаж галт тэрэг солилцоонд дүн шинжилгээ хийж ажиллана. Мөн төрийн болон төрийн бус хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж зөвлөгөөн уулзалтуудыг тогтмол зохион байгуулах замаар олон улс, орон нутагт хүртээмжтэй төмөр замын тээврийн үйлчилгээг үзүүлнэ.
- Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн ирээдүйг хэрхэн төсөөлж ямар үйл явцтайгаар хөгжүүлэх вэ?
Ирээдүйд үр ашиг бүхий тээврийн оновчтой нэгдсэн систем бий болж орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтэрч салбарын хөгжил шинэ төвшинд хүрнэ. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв Монгол улсын нутаг дэвсгэр дээрх төмөр замаар хэний галт тэрэг, хаана явж байгааг шууд хянаж, зохицуулж ажилладаг болно. Түүнчлэн төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангаж зах зээлийн өрсөлдөөнийг бий болгож 2 хөрштэйгөө цаашлаад олон улсын бусад улс орнуудтай өрсөлдөхүйц хэмжээнд ажиллана.
- Таны хэлснээр төв ажиллахад мэдээлэл системийн техник технологи чухал үүрэгтэй юм байна аа даа...
Тийм ээ. “ГТХЗНТ”-ийг мэдээлэл шинжилгээний цогц систем дээр үндэслэн 3 үе шаттайгаар хөгжүүлнэ. Эхний шатанд бид төмөр замын салбарын мэдээлэл дамжуулах нэгдсэн сүлжээг үүсгэн мэдээлэл-лавлагааны систем боловсруулж үйл ажиллагаанд нэвтрүүлнэ. Хоёрт мэдээлэл-төлөвлөлтийн систем боловсруулж үйл ажиллагаанд нэвтрүүлнэ. Гуравт урьдчилсан-таамаглалын /прогноз/ систем боловсруулж үйл ажиллагаанд нэвтрүүлж мэдээллийн-удирдлагын системийг бий болгоно. Мөн эрх зүйн зохицуулалтаар хангах асуудал байна. Манай төвд яагаад мэдээлэл өгөх ёстой юм бэ, ямар арга замаар мэдээллээ өгөх юм бэ гэдэг зүйл хууль журманд заагдсан байх ёстой. Бид нар өнөөдөр мэдээлэлтэй холбоотой хөдөлгөөн зохицуулалтын журам, мэдээлэл солилцох журам, хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөлтийн журмуудыг хэрэгжүүлж байна. Дээрээс нь гэрчилгээжүүлэлтийн мэдээллийг өөрийнхөө бааз болгохоор ажиллаж байна.
Мэдээллүүдээ цуглуулж, боловсруулсан цогц мэдээлэл лавлагааны үйл ажиллагааг явуулж хэрэглэгчдийг болоод яам, төмөр замын байгууллагуудыг мэдээллээр хангана. Хамгийн том хүчин зүйл нь мэдээллүүд дээрээ үндэслэж төмөр замын ирээдүйн үйл ажиллагааг төлөвлөх юм.
Яг одоогийн байдлаар бидэнд мэдээллүүдийг шууд татаж авдаг программ хангамж байхгүй. Техникийн боломжоо хараахан бүрдүүлж амжаагүй байна. Цаашлаад одоо байгаа төмөр замуудаасаа гадна ирээдүйд бий болох төмөр замуудын техникийн боломж болон эрх зүйн орчинг бий болгох асуудал болон ТЭЗҮ-тэй холбоотой мөнгө санхүүгийн асуудал яригдана. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах төв рүү мэдээлэл дамжуулах техникийн шийдэл, техник эдийн засгийн үндэслэл хэрэгтэй байна. Бид нар ТЭЗҮ хийх талаар холбогдох байгууллагуудтай уулзаад явж байгаа. ТЭЗҮ дээр дараа дараагийн үе шатууд илүү тодорхой болно. Бид өнөөдөр мэдээллийн бааз үүсгэх ажлаа эхлүүлчихсэн цаашдаа ямар үр дүнд хүрэхээ тодорхойлчихсон ажиллаж байна.
- Сүүлийн үед төмөр замын салбарын орчин үеийн хөгжлийн талаар их яригдах болсон. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
Монгол улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа энэ үед төмөр замын тээврийн үйлчилгээний зах зээл тэлэх боломжтой. Ялангуяа далайд гарцгүй манай улсын хувьд төмөр замын тээврийн үйлчилгээ хөгжих нөөц хангалттай бий . Төмөр замын хөгжил нь Монгол улсын ДНБ-ийг өсгөх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэргээр нийт эдийн засгийн өсөлтөд олон талаар хувь нэмэр оруулна гэж харж байгаа. Олон улсад төмөр замын тээвэрт дахин анхаарал тавьснаар эдийн засагт бүхэлд нь эерэг үр нөлөө үзүүлнэ. Төмөр замын тээвэрт хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт татвал зах зээлийн өрсөлдөөн бий болж хөгжих боломжтой. Өнөөдөр ганц байгууллага монопольдож ачилт, буулгалт, тээвэрлэлт зэрэг бүх зүйлийг хийж байна гэж шүүмжилдэг. Тиймээс олон улсын жишигт нийцүүлэн төмөр замын тээврийн салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Тийм ээ. Манай хамт олон салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлж Төмөр замын салбарт эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний төслүүдийг боловсруулан ажилласан. Ерөнхийдөө судалгааны ажилд ашиглагдах мэдээ, мэдээллийг Монгол Улсын болон олон улсын төмөр замын байгууллагын үүсэл хөгжил, зорчигч тээврийн ангилал, ачаа тээврийн төрөл, өрсөлдөх чадвар зэрэг материалыг орчуулж, боловсруулж олон судалгааны ажлууд дээр ажиллаж байна. Ямар ч салбарын хөгжил судалгаан дээр тулгуурладаг. Тэр утгаараа бид төмөр замын салбарын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлнэ. Нэгдсэн мэдээллийн сантай болсноороо төмөр замын тээвэрлэлтийг зөв зохион байгуулахаас эхлээд маш олон давуу талтайгаас гадна төмөр замын салбарын хэтийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах юм. Мөн мэдээллийн нэгдсэн сантай болсноор төмөр замын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудыг мэдээллээр тогтмол хангаж чадна. Энэ нь байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд чухал нөлөө үзүүлнэ.
- “Төмөр замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” удахгүй зохион байгуулагдана гэж сонссон...
Удирдах ажилтны зөвлөгөөнд салбарын төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, төмөр замын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын удирдах ажилтнуудын төлөөлөл оролцоно. Зөвлөгөөнөөр салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, чиг хандлага, зорилтын талаар хэлэлцэх бөгөөд чанар стандартыг сайжруулах чиглэлээр Төмөр замын тухай хуульд орсон өөрчлөлт, түүнтэй холбогдон гарах журмууд, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хийгдэж байгаа ажлууд, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар холбогдох байгууллагуудын төлөөллүүд илтгэл тавина. Би ч мөн холбогдох сэдвийн дагуу илтгэл тавина. Удирдах ажилтны зөвлөгөөнөөр төмөр замын салбарын төлөөллүүд санал солилцож тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх арга замыг гаргана гэдэгт итгэлтэй байна.
- Танд болон” ГТХЗНТ” УТҮГ-ын нийт хамт олонд ажлын амжилт хүсье.
Баярлалаа.