18. 10. 04
posted by: Gantulga
Hits: 536

“Байгаль орчинд ээлтэй, тогтвортой тээвэр” сэдэвт Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын Дээд түвшний 11 дэх удаагийн форумд МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.Энхтүвшиний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Эрхэм хүндэт   зочид төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёдоо

Юуны өмнө   “Байгаль орчинд  ээлтэй, тогтвортой тээвэр” сэдэвт Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын дээд түвшний 11 дэх удаагийн форумд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Энэхүү завшааныг ашиглан өнөөдрийн хурлыг хамтран зохион байгуулж буй Нэгдсэн Үндэсний Байгууллагын бүсийн хөгжлийн төв, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Япон Улсын Байгаль орчны яам, Олон улсын болон төрийн байгууллагуудад Монгол Улсын Засгийн газар болон  Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

2017 онд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьетнам хотноо зохион байгуулагдсан 10 дахь удаагийн форумын үеэр Нэгдсэн үндэсний байгууллагын Бүсийн хөгжлийн төвөөс  11 дэх удаагийн форумыг  2018 онд Монгол Улсад хийхээр албан ёсоор зарласны дагуу ийнхүү энэ удаагийн форумыг Улаанбаатар хотноо “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад байгаль орчинд ээлтэй тогтвортой тээврийн гүйцэтгэх үүрэг”сэдвийн дор зохион байгуулж байна.

 

Энэхүү чуулга уулзалт нь хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, бүтэц, хязгаарлагдмал нөөц зэрэг дэлхийн хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах арга зам, бодлого, зорилтуудыг оновчтой тодорхойлох болон, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан бодлогын баримт бичиг, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд бүс нутгийн анхаарлыг хандуулахад чиглэж байна.

 

Далайд гарцгүй Монгол орны хувьд тээврийн олон талт сүлжээг хөгжүүлэх нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой боловч тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэхдээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахад анхаарч, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Засгийн газрын  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн үйлчилгээг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах зорилт дэвшүүлсэн. Мөн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлого” зэрэг салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, иргэдэд аюулгүй ая тухтай, чанартай үйлчилгээ үзүүлэх арга замыг тодорхойлсон билээ.

 

Монгол Улс байгаль орчинд ээлтэй,  тогтвортой тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай бодлого барьж,  энэ хүрээнд төмөр замын болон авто замын сүлжээг өргөжүүлэх, усан замын тээврийг хөгжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, логистикийн төвшинээр барих зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаа ч цаашид хийх, эрчимжүүлэх ажил их байна.

 

Хүндэт төлөөлөгчид өө,

Эх оронд маань зохион байгуулагдаж буй энэ удаагийн форум өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд хийсэн бүтээснээ дүгнэж цэгнэн,  дараагийн ээлжит зорилтоо тодорхойлох нь дамжиггүй.  Мөн “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисийн хэлэлцээр”,  Хабитат III-аас гаргасан  “Шинэ хотжилтын хөтөлбөр”, “Бангкок Тунхаглал 2020” болон Нэгдсэн Үндэсний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагуудаас гаргасан олон улсын хэлэлцээр,  хөтөлбөр, тунхаглалын зорилтуудад чиглэсэн төслүүдийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар болон эдийн засаг, шинжлэх ухаан,  техник, технологийн  асуудлуудаар баялаг туршлагаа хуваалцах, бие биеэсээ суралцах таатай боломж бидэнд олдоно гэж найдаж байна.

 

Хурлын ажилд амжилт хүсэхийн зэрэгцээ буурал түүхтэй Монгол орны уламжлал, өв соёл, хөгжил дэвшилтэй танилцаж, эзэн Чингис хааны өлгий нутаг,  цэнхэр тэнгэрийн оронд тавтай сайхан зочлохыг урьж байна.

 

            Анхаарал тавьсанд баярлалаа.

 

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-10-04 10 цаг 15 минут
18. 10. 03
posted by: Gantulga
Hits: 524

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд болж байна. Хот хөдөөгийн харилцаа-ядуурлыг бууруулах арга хэмжээ ба тогтвортой хөгжлийн зорилтууд, Өмнөд Азид утаа багатай тээврийн хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэх зэрэг сэдвээр хурлын өмнөх хэлэлцүүлгүүд үргэлжилж байна.

Энэхүү олон улсын чуулга уулзалтыг Зам тээвэр хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна.   Хүн амын хурдацтай өсөлт, зохион байгуулалтгүй хотжилт, хангалтгүй дэд бүтэц, нөөц, хот, орон нутаг дахь үндсэн үйлчилгээнүүдээс шалтгаалан хотуудад тулгарч буй нийгэм, эдийн засаг, байгалийн сорилтуудыг даван туулах оновчтой арга зам, бодлого, зорилтуудыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд гол анхаарлаа хандуулдаг онцлогтой. Чуулга уулзалтад 24 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.


Мэдээ нийтлэгдсэн: 2018-10-03 08 цаг 39 минут
18. 10. 03
posted by: Gantulga
Hits: 527

ЗТХ-ийн сайдын шуурхай хуралдаанаар зам тээврийн салбар, харьяа газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт болон салбарын хүрээнд тулгамдаж буй гол асуудлуудыг хэлэлцлээ.

Агаарын тээврийн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Олон улсын нислэг 14 хувь, орон нутгийн нислэг 23 хувийн өсөлттэй явж байна, цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг ИНЕГ-ын дарга мэдээллийнхээ эхэнд дурдлаа. Орон нутгийн нисэх буудлыг өргөтгөн сайжруулах, статусыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох 10-аад жил зогсонги байсан Завханы Донойн хөндийн нисэхийн ажил эхэлсэн, мөн Хөвсгөл аймгийн нисэх буудлын гэрэлтүүлгийн суултын ажил хийгдэж дуусаад Говь-Алтайн нисэхийн гэрэлтүүлгийн ажил эхэлсэн. Ингэснээр Хөвсгөл, Говь-Алтай аймгууд шөнийн нислэг үйлдэх боломжтой болох юм. Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад өгөх ажлууд хуваарийн дагуу хийгдэж байна. Энэ оны 11 сарын 10-д гэхэд онгоц нисч буух болон бусад бэлтгэл ажлыг дуусгахаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон Ерөнхий сайдтай ярьсан ажлууд хугацаандаа дуусна. Гэвч нислэгийн үйл ажиллагаа эхлэх шийдвэрийг Япон талаас ирэх жил гэж төлөвлөж байгаа. Манай талаас Засгийн газрын хурлаар шинэ нисэх буудлын катерингийн барилгын ажлыг эхлүүлэх шийдвэр хүлээгдэж байгаа тухай тэрээр онцоллоо.

Төмөр замын салбарт “МТЗ” ТӨХК –ийн хувьд Тяньжин боомтын ажлын хэсэг ирэх гэж байгаатай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, Замын-Үүдийн логистикийн төвийн дутуу санхүүжилтийг шийдэх асуудлуудыг  хөндөж ярилаа.

“УБТЗ” ХНН-ийн хувьд замын даргын үзлэг ирэх 7 хоногоос эхлэж байгаа бөгөөд 10 сард дуусна. Ачаа тээвэрлэлт өнгөрсөн оны 9 сартай харьцуулбал 116 хувь болж өссөн, гэвч шатахуун болон валютийн өсөлттэй холбогдуулан тээвэрлэлтийн тарифийг индексжүүлэхгүй бол цаашид их хэмжээний алдагдал хүлээх эрсдлийн тооцоо гараад байгааг мэдээллээ.  

Авто тээврийн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.  Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомтоор өдөрт 1300 гаруй нүүрсний тээврийн машинууд нэвтэрч байгаа бөгөөд тээвэрлэлтийн дараалал өнөөдөр өглөөний байдлаар 44 км байна. Энэ чиглэлийн авто замын дагуух жолооч тээвэрчдэд зориулсан үйлчилгээний байгууламж, автомашины зогсоол  барьж байгуулах Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлсэн бөгөөд 10 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа мэдээллийг өглөө.

10 сарын 2-оос -5нд “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын хурал Улаанбаатар хотод болохтой холбогдуулан бэлтгэл ажлыг хангах ажлууд хийгдэж байна.  Энэ хуралд таваас зургаан орны Тээврийн сайд нар оролцох бөгөөд 250 гаруй зочид төлөөлөгчид ирнэ.  Гашуун сухайтын Ганц модны боомтын нүүрс, бусад тээвэр хэвийн үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг салбарын удирдлагууд өглөө.  

Авто замын салбарын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай байна. Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн Ханх Мондын зам, Төв аймаг Дорнод аймгуудын  1-26 км замуудын барилгын ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон.

Цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан бүсийн болон хяналтын инженерүүд 6-н чиглэлд үзлэг  хяналтаар явж ажиллаж холбогдох үүрэг чиглэлүүдийг өгч байна.  Орон нутгийн “АЗЗА” нарыг хувьчлах асуудлыг хэрхэн шийдэх асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх, ТӨБЗГ-тай дахин зөвшилцөх, Хөшигийн хөндийн замын ашиглалтын засварын асуудлыг эзэнжүүлэх, Мөн Улаанбаатар Дархан чиглэлийн замын шинэчлэлийн асуудлыг АХБанк болон Сангийн яамтай тохирч, барилгын ажил эхлэхэд газар чөлөөлөлтийн асуудлыг одооноос шийдвэрлэх зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг энэ хурлаар ярилцаж үүрэг чиглэлүүдийг өглөө.

ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин хурлаар салбарын бодлогын уялдаа холбоог хангаж ажиллах, ОХУ-ын “Владивосток” болон БНХАУ-д  болсон “Засгийн газар хоорондын комиссын хурал”-аар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудын мөрөөр хэрэгжилт гүйцэтгэлд анхаарч ажиллах, ажил хэрэг болгоход цаг хугацаа болон эдийн засгийн үр өгөөж тооцооллыг сайтар хангаж ажиллах шаардлагатай байгааг энэ үеэр онцоллоо. Мөн УИХ, Засгийн газраар хэлэлцэж шийдвэрлүүлэх асуудлууд дээр анхаарал хандуулж  эцсийн байдлаар, тодорхой хувилбартай оруулж ирэх, 2019 оны төсөвт тавигдсан ажлуудаа эдийн засгийн үр өгөөж талаас нь ахиж хянаж эрэмбэлэх, ажлынхаа эрчийг улам нэмэгдүүлэх үүргийг тус тус өглөө.

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар “Тээврийн салбарын хөгжлийн нэгдсэн бодлого”-ыг 2019 онд гаргахтай холбогдуулан харьяа газруудын дарга нар бодлогын хөтөлбөрөө бусад салбаруудтайгаа  харилцан уялдуулж  гаргах үүргийг өглөө. Дэд сайдын зүгээс нийтэд хандсан 10 үүрэг даалгавар, мөн салбар бүрт анхаарах болон  хэрэгжүүлэх ажлуудын талаар тусбүрчлэн  үүрэг чиглэлийг өгсөн юм.

 


Мэдээ нийтлэгдсэн: 2018-09-25 10 цаг 32 минут
18. 09. 14
posted by: Gantulga
Hits: 585
 

Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр боллоо. 

Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, ОХУ-ын Тээврийн сайд Дитрих Е.И. нар 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гарын үсэг зурсан.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.2.5.-д “Гадаад худалдааны дамжин өнгөрөх тээврийн нөхцөлөөс хэт хараат байдлыг бууруулж, далайд гарцгүй орны хувьд тээврийн салбарт хөрш орнуудтай хоёр болон гурван талын урт хугацааны, харилцан ашигтай хэлэлцээр байгуулна. Эскпортын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах далайн боомтуудтай болох, боомт хүртэл тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.” гэж заасан байдаг.

Далайд гарцгүй орны хувьд дээрх зорилтыг хэрэгжүүлэх яриа хэлэлцээг хөрш орнуудтай 2009 оноос эхлүүлэн идэвхитэй хийж ирсэн бөгөөд БНХАУ-ын Засгийн газартай 2014 онд “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай” хэлэлцээрийг байгуулж, шинээр төмөр замын 4 боомт нээх, эдгээр хилийн боомтоор дамжуулан гуравдагч оронд Монгол Улсын экспортын бүтээгдэхүүнээ төмөр замаар дамжуулан экспортлох квот, тээврийн хөнгөлөлттэй тариф зэрэг нөхцлүүдийг тохирсон.

Харин Оросын Холбооны Улстай 9 жил яриа хэлэлцээ хийсний үр дүнд Монгол, Оросын нутгаар төмөр замын ачаа дамжуулан тээвэрлэх хэлэлцээрийг байгуулаад байна.

Хэлэлцээрийн 8 дугаар зүйлд “тус хэлэлцээрийг хүчин төгөлдөр болоход шаардлагатай дотоодын ажиллагааг талууд гүйцэлдүүлсэн тухай бичгээр үйлдсэн сүүлчийн мэдэгдлийг дипломат шугамаар хүлээн авсан өдрөөс хэлэлцээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 2043 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 25 жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Хэлэлцээрийн төсөл найман зүйлтэй ба дараах зорилтыг хангасан нөхцөлүүдийг тусгасан. Үүнд:

  • хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх;
  • төмөр замын ачаа тээвэрт бусад чиглэлүүдтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хангах;
  • төмөр замаар тээвэрлэж буй ачааг улсын хилээр нэвтрүүлэх ажиллагааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх;
  • хоёр улсын төмөр замын ачаа тээврийн өсөлтийг хөхиүлэн дэмжих;
  • ачаа тээврийн өсөлтийн эрчим болон төмөр замын тээврийн суурь бүтцийн хөгжил харилцан уялдааг хангах;
  • Монгол Улсын экспортлогчдод далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Хэлэлцээрийн ач холбогдол:

  1. “Оросын төмөр замууд” НХН-ээс 1 жилийн хугацаагаар олгож буй тарифын хөнгөлөлтийг 25 жилийн хугацаанд баталгаажуулах нь уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргахад экспортын үнийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг юм.

/Монгол Улс ОХУ-аас дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт Нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт авч байна/

  1. Бусад чиглэлийн дамжин өнгөрөх ачаа тээврийн тарифын түвшинд өөрчлөлт орсон тохиолдолд түүнтэй өрсөлдөхүйц байхаар тохиролцох боломжтой. Тухайлбал, Монгол Улсаас БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх ачаа тээврийн тарифын түвшин буурвал ОХУ-аар дамжуулан тээвэрлэх тарифын түвшинг мөн бууруулах бололцоотой юм. 

 

 Мэдээ нийтлэгдсэн: 2018.09.14 17 цаг 12 минут 

18. 09. 13
posted by: Gantulga
Hits: 597
 

Владивостокт болж буй эдийн засгийн форумын үеэр МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзлаа. Талууд алс дорнодод дахин уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ уулзалтууд ихээхэн ач холбогдолтойг онцолсон байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээг шинэчлэн хугацаагүйгээр байгуулах тухай өмнө тавьсан саналаа дурдаж, ОХУ-аас олгох 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ нийгэмлэгийн шинэчлэл болон эрчим хүчний салбарт зориулах, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн  хамтын ажиллагааг эрчимжүүлж бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөө гаргаж ажиллах асуудлаар ярилцав. Мөн Алс дорнодод далайн боомт ашиглах асуудлыг судалж буйгаа дурдаж, гурван улсын эдийн засгийн коридорын ажлыг эрчимжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулах гэх мэт хэд хэдэн тодорхой саналууд илэрхийлж ярилцлаа. Мөн Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулахад хамтарч ажиллах асуудлаар саналаа илэрхийлж, санал, төслүүдтэй холбоотой  эдийн засгийн тооцоо судалгааг ОХУ-ын Ерөнхийлөгчид гардууллаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт эерэг үзүүлэлттэй, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлттэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлоод цаашид хөдөө аж ахуй, төмөр зам, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа хэлсэн юм. Мөн ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнө тавьсан саналыг дэмжиж байгаагаа дахин нотлов. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ОХУ-аас Монгол Улсад олгохоор ярилцаж байгаа 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийг УБТЗ-ын  болон Дулааны цахилгаан станцын шинэчлэлд зарцуулах боломжтой хэмээн хэлсэн байна.

 

Мэдээ нийтлэгдсэн: 2018.09.13 16 цаг 12 минут 

18. 09. 03
posted by: Gantulga
Hits: 867

 

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-ын захирал Т.Ариунбаатар,  Япон улсын  “ЖЕТ Коннект” ХК-ийн захирал Эики Шигета нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 Тус санамж бичигт тодорхой цэгүүд дэх хөдлөх бүрэлдэхүүнийг удирдан зохицуулах системийг хөгжүүлэх; Монгол улсын галт тэрэгний хөдөлгөөн удирдлага, зохицуулалтыг хөгжүүлэх, судалгаа хийх; төмөр замын тээвэрлэлтийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд шинэ технологи нэвтрүүлэх замаар дэмжлэг үзүүлэх; техникийн хамтын ажиллагааны хүрээнд түншлэлийг бий болгох; Япон улсын холбогдох байгууллага, компаниудтай хамтран ажиллах чиглэлээр холбоо тогтоож, дэмжлэг үзүүлэх зэрэг төлөвлөгөөнүүд тусгагдсан байна. 

Санамж бичиг байгуулагдсанаар систем хөгжүүлэлтийн чиглэлээр “ЖЕТ Коннект” ХК нь “ГТХЗНТ” УТҮГ-ыг  Япон улсын туршлага дээр суурилсан системээр, галт тэрэгний хөдөлгөөн удирдлагын хүрээнд техникийн туслалцаа, зөвлөгөөгөөр хангах, Япон улсын төмөр замын оператор компаниудтай зөвлөлдөж тэдний туршлага дээр үндэслэн төвийн инженер, албан хаагчдыг сургаж ажиллах юм.

 

Мэдээ нийтлэгдсэн: 2018.09.03 16 цаг 24 минут

ДЭЭШЭЭ