Төмөр замын салбарт шаардагдаж буй Инженерийн шийдлүүд.

Төмөр замын салбарт эхний ээлжинд техникийн шийдэл шаардаж байгаа дараах асуудлууд байна:

  1. Шинээр байгуулагдаж байгаа Таван толгой – Гашуун сухайт чиглэлийн 267 км, Зүүнбаян –Таван толгой чиглэлийн 414 км  төмөр замын бүтээн байгуулалтын замын дээд ба доод бүтцийн элементүүд, хөдлөх бүрэлдэхүүний стандартын нийцлийн тохирлын үнэлгээ. (Олон улсын жишгээр хөндлөнгийн баталгаажуулалт, тохирлын үнэлгээний байгууллага зохион байгуулна)
  2. Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг болон дэд бүтцийн зурмагийн автоматжуулалт
  3. Суман шилжүүлгийн төмөр бетон ялуу үйлдвэрлэх (Одоогийн байдлаар төмөр бетон дэрийг Хөтөлийн ТБДНҮ, БҮК, Ган хийц, Монгол технологи интернейшнл зэрэг 5 байгууллага үйлдвэрлэж байна. Цаашид суман шилжүүлгийн төмөр бетон ялуу үйлдвэрлэх ажлыг эхлүүлэх шаардлагатай байна)
  4. Залгаасгүй замын урсгал арчлалт (УБТЗ ХНН-ийн 54 км, Таван толгой-Гашуун сухайт төмөр замын 219 км төмөр зам)
  5. Замыг элс, цасанд дарагдахаас хамгаалах арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжүүлэлт (төмөр замын байгууллага тус бүр өөрийн хариуцсан замын хэсэгт төлөвлөж хэрэгжүүлнэ)
  6. Тэгш эрхтэй төмөр замуудын нэгдсэн технологийн горим боловсруулж батлуулах, хэрэгжилтийг хангах (МТЗ ТӨХК, УБТЗ ХНН, БТЕГ ХХК-ын Баянгол төмөр зам, Таван толгой төмөр зам, Зүүнбаян төмөр зам)
  7. Зорчигч тээврийн өндөр хурдны төмөр замыг хөгжүүлэх
  8. Зорчигч тээврийн өндөр хурдны төмөр замын ул шороо байгуулах стандарт нэвтрүүлж, замын ул шороо байгуулдаг компаниудыг  хөгжүүлэх, чадавхижуулах
  9. Төмөр замын салбарт олон улсын стандарт бүрэн нэвтрүүлэх, стандартын сан үүсгэх, стандартчилал хэрэгжүүлэх
  10. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх
  11. Төмөр замаар дамжин өнгөрүүлэх тээврийн хос шугамыг бүтээн байгуулах
  12. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэлт хөгжүүлэлт
  13. Чингэлэг тээврийн хөгжүүлэлт түүний дотор давхар чингэлгийн тээврийн судалгааг шинэ түвшинд явуулж шийдвэр гаргах
  14. БНХАУ-ын Эрээн өртөөнд хүлээн авах галт тэрэгний тоог нэмэгдүүлэх, Эрээн өртөөний боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын түвшинд гэрээ хэлэлцээр эхлүүлэх
  15. Замын урсгал арчлалтын техник хэрэгсэл, машин механизмыг төгөлдөржүүлэх талаар гадаад орнуудтай хамтран ажиллах (БНХАУ, Япон, БНСУ-тай хамтран ажиллах)
  16. Замын урсгал арчлалтыг машинжуулах талаар гадаад орнуудтай хамтран ажиллах (Энэ чиглэлээр Австри улсын Plasser & Treurer компани дэлхийд тэргүүлдэг, түүний нэг жишээ нь ОХУ-д түүний UNIMAT машиныг уулзваргүй замын арчлалт засварт ашигладаг)
  17. Төмөр замын гол шугамыг цахилгаанжуулах (Улаан Үд-Улаанбаатар-Жинин)
  18. Ханги –Мандал чиглэлийн 219 км замын бүтээн байгуулалт
  19. БНСУ-ын төмөр замаас санаачилсан БНСУ-БНХАУ-Монгол- ОХУ нутгаар Европ чиглэсэн төмөр замын шинэ  коридор байгуулах санал
  20. Төмөр замын тээврийн салбарын байгууллагуудын мэдээллийн нэгдсэн платформ байгуулах
  21. Төмөр замын салбарын инженерүүд, мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

 

Эдгээр асуудлаас ойрын 1-2 жилд яаралтай шийдвэрлэх асуудал нь шинээр байгуулсан төмөр замуудыг элсний нүүдлээс хамгаалах асуудал юм.

 

Тал хээр, элсэрхэг, хагас элсэрхэг цөл бүхий газруудаар дамжин өнгөрөх төмөр замын шугамд элсний нүүдэл шилжилтээс замыг хамгаалах шаардлагатай. Энэ зорилгоор элсэн хөрсийг ургамлан бүрхэвчээр бэхжүүлж, битум эмульс, шавранцар эсвэл полимер бүхий шавар суспензээр хучиж хатууруулж хамгаалахаас гадна хиймэл хамгаалалтын байгууламжийг янз бүрийн хаалт хэлбэрээр босгоно.

Элсний шилжилт хөдөлгөөнтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол элсэрхэг хөрсийг ургамалжуулах (заг, хайлаас, шар хуайс, шаваг, бургас гэх мэт мод суулгаж үржүүлэх), бут сөөг (бүйлс, гүйлс, харгана, алтан харгана, нохойн хошуу, зэгс, хулс) эсвэл өвслөг ургамал (хиаг, ерхөг, нарийн өвс) зэрэг  ургамалжилтаар замыг хамгаалах явдал юм.  Замыг элсний нүүдэлээс зохиомлоор хамгаалах ажлыг түр зуурын арга хэмжээ болгон ашигладаг, учир нь энэ нь хангалттай үр дүнтэй байдаггүй.

 

Description: http://www.tehnoinfa.ru/images/zheleznajadoroga/image172.jpg

 1-р зураг. Замыг элс цас даралтаас хамгаалах зөөврийн хаалт байрлуулах схем. 1- намар байрлуулсан цасны хаалтууд, 2- гуравдахь шилжүүлэн байрлуулалт, 3- хоёрдахь шилжүүлэн байрлуулалт, 2- хамгийн эхний байрлуулалт.

 

Замыг цас, элсний нүүдэл, үерээс хамгаалах арга хэрэгслийг замын цас, элс даралтын зэрэглэлээс хамааруулан тогтооно.

 

1.  Байгалийн ой, хамгаалалтын ойн зурвас (төмөр замын замтай зэргэлдээ орших);

2.  2.4-6.7 метр өндөр модон эсвэл төмөр замын бетон хашаа;

3. Зөөврийн модон хаалт;

4. Хоорондын замд замын  цас цэвэрлэгч болон элс цэвэрлэх машин, өртөөд дээр - цас цэвэрлэгч машин.

 

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн төв засварын газрын инженер, техникийн ажилтнууд өөрсдийн хүчин чадлыг ашиглаж төмөр замын цас цэвэрлэх машин, элс цэвэрлэх машин, зам дээрх хог ургамлыг цэвэрлэх машин болон зүтгүүрийн цахилгаан хэрэгслийг шалгадаг стенд зэргийг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ.

 

Төмөр замын шугамыг элсний нүүдлээс хамгаалах шийдлийг БНХАУ-ын Шинжаан уйгарын нутаг Такла-Макан цөлөөр дамжин өнгөрөх төмөр замын шугамын элсний хамгаалалт, УБТЗ ХНН-ийн Замын 4-р ангийн гол замын элсний хамгаалалтын жишээн дээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

 Онолын хувьд төмөр замын дагуу хоорондоо 50 м зайтай гурван давхар ойн зурвас байгуулж элсний нүүдлээс хамгаалдаг. Энэ ойн зурвас байгуулах ажлыг зохион байгуулахад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг тул орон нутгийн болон улсын төсөвт зохих зардлыг жил бүр тусган хэрэгжүүлэх шаардлагатай. Мод бут суулгах, ургамалжуулах ажлыг үрээр болон суулгацаар ургуулж болно. Түүнээс гадна эхний ээлжинд зөөврийн цасны хаалт суурилуулах, салхины дээд талд гүн нүх ухаж гарсан шороогоор хамгаалалтын далан үүсгэх арга байна. Манай орны хувьд ноёлох салхи буюу салхины голлох чиглэл нь баруун хойт тал болон хойт тал байдаг.

Эхний ээлжинд зам элсэнд эрчимтэй дарагддаг хэсгийн байршил уртыг тогтооно. Тэдгээрийг эхний ээлжинд хамгаалах арга хэмжээ авна. Дараа нь элс даралтын эрчим арай бага хэсгүүдийг хамгаалах арга хэмжээ авна.

Замын 4-р анги үрээр болон суулгацаар мод тарих, услах ургуулах ажлыг  гол замын 3 хэсэгт зохион байгуулж говийн нөхцөлд тохирсон мод суулгаж усалгааны 3 цистерн машин, суулгац үржүүлэх талбай, мэргэжлийн агрономич, мод усалгааны 6 ажилтан, замчдын хүчээр 3 жилийн хугацаанд 25000 мод тарьж 90 хувийг нь бүрэн ургуулж хөрсний усанд үндэс нь хүрч өөрийн хүчээр ургах болтол нь усалж арчлан Дорноговь аймгийн хэмжээнд шалгарч татвараас бүрэн чөлөөлөгдөж байсан туршлага байна. Тэгэхээр мод бутны суулгацыг 3 жилийн хугацаанд хавар, зун намрын цагт өдөр бүр услах нөр ажил байдаг юм. Түүнээс гадна мод суулгах нүх ухах ажлыг трактороор шуудуу хэлбэрээр ухахаас гадна замдын хүчийг ашиглан 50 см өргөн, 70 см гүн нүх ухах шаардлагатай. Мөн 1018 дугаар км дэх Цагаан хад өртөөний замуудыг элсний даралтаас хамгаалах ажилд орон нутгийн ургамал цулхирын бут суулгах, Такла-маканы цөлийн төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах схем буюу торлох арга ашигласан. Элсний нүүдлээс зам хамгаалах тор нь модон болон байгалын материал ашиглан тор байгуулж хамгаалах арга хэмжээ юм. Замын 4-р ангийн хувьд 1018 дугаар км дэх замын салхины дээд талд замаас 30 м зайд 20 м өргөнтэй торон бүрхэвч үүсгэж, тайрдас модыг түлээ мэт хагалж түлээ хэлбэртэй моднуудыг босоо байдлаар хооронд нь 20 см зайтай 5 см гүнд суулгаж хамгаалсан. Үүний үр дүнд элс даралтаас 3 жилийн турш хамгаалалтын ойн зурвас ургах хүртэл хамгаалж чадсан үр дүнтэй юм.

 

НИЙТЭЛСЭН: 2021-06-03 өдөр 08:23:0 цаг